БЭЭЖИН, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /Xinhua/. Хятадын “Шэньжөү-18” жолоодлогот сансрын хөлгийн багийн гурван сансрын нисгэгч улсынхаа сансрын станц руу өнөө өглөө орж, тэнд ажиллаж буй гурван сансрын нисгэгчтэй ажил үүргээ хүлээлцэж эхэлжээ.
“Шэньжөү-18” хөлгийг тээсэн “Long March-2F” зөөгч пуужинг Хятадын баруун хойд нутгийн Жючуань хиймэл дагуул хөөргөх төвөөс пүрэв гарагийн оройны 20:59 цагт хөөргөсөн юм. Сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газраас /CMSA/ мэдээлснээр, хөөргөснөөс 10 орчим минутын дараа “Шэньжөү-18” хөлөг пуужингаас салж, тойрог замд оржээ. Хөлгийн багийн гишүүдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд хөөргөх ажиллагаа амжилттай боллоо гэж уг мэдэгдэлд дурдсан байна.
“Шэньжөү-18” багийн бүрэлдэхүүнд сансрын нисгэгч Е Гуанфу, Ли Кун, Ли Гуансу нар багтаж байгаа бөгөөд Е Гуанфу нь командлагчаар ажиллана. 2021 оны 10 дугаар сараас 2022 оны дөрөвдүгээр сар хүртэл “Шэньжөү-13” багийн гишүүнээр ажиллаж байсан Е Гуанфугийн хувьд сансарт хоёр дахь удаагаа ажиллах гэж байгаа бол Хятадын сансрын нисгэгчдийн гурав дахь бүлэгт багтдаг Ли Кун, Ли Гуансу нар сансарт анх удаагаа үүрэг гүйцэтгэх гэж байгаа юм.
“Шэньжөү-17” хөлгийн багийнхан Бээжингийн цагаар 5:04 цагт хаалгыг нээн, сансрын станцын шинэ багийг угтан авч, хамтдаа зургаа авахуулсан байна. Хятадын сансрын станцад ажиллах багууд дөрөв дэх удаагаа ээлж солилцох гэж байгаа нь энэ юм. CMSA-гийн мэдээлснээр, зургаан сансрын нисгэгч төлөвлөгөөт ажлуудаа дуусгаж, ажил үүргээ хүлээлгэн өгөхийн тулд таван хоног хамтран ажиллах ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Э.Хулан