Туялзуур сэлэмний Ази, далайн орнуудын олимпын эрх олгох тэмцээнд Монголын туялзуур сэлэмний холбооноос Ц.Жигжидсүрэн (Спортын Мастер), Б.Амарзаяа (ОУХМ) дасгалжуулагч Д.Ганбаатар нар оролцсон.
Өнөөдөр явагдсан эмэгтэйчүүдийн хүнд сэлмийн (epee) төрөлд Б.Амарзаяа хэсгийн тулаанд нийт 6 тулаанаас Малайз, Кувейт, Эмират, Хятадын Тайвань, Иран улсын сэлэмчдийг буулган авч чансааны хоёрдугаарт эрэмблэгдсэн. Улмаар хасагдах 16 -гийн тулаанд Йорданы тамирчинг 15-14 харьцаагаар ялж шөвгийн наймд шалгарсан. Шөвгийн наймд Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт Австралийн тамирчинг 15-9 харьцаатай ялж хагас шигшээд шалгарсан юм.
Хагас шигшээ тулаанд Токио-2020 олимпын эрхийн тэмцээний аварга Сингапурын тамирчинтай оноолт таарч гурван үеийн турш энэ тэнцүү тулалдаж, хоёр онооны зөрүүтэй ялагдав. Ингэснээр Б.Амарзаяа энэ удаад олимпын эрхээ авч чадсангүй. Сингапурын тамирчин ABDUL RAHMAN Kiria Tikanah шигшээ тулаанд Энэтхэгийн тамирчин 15-13 харьцаатай ялж дахин олимпын эрх авсан юм.
Премиум корпараци Premium Corporation Блью Мон группын BlueMon Group тамирчин Б.Амарзаяа Ази, далай орнуудын эрх олгох "А" зэрэглэлийн тэмцээнээс хоёр дахь удаагаа хүрэл медаль хүртэж байна.
Биеийн тамир, спортын улсын хороо нь эрхийн тэмцээний өмнө Дэлхийн цом, Гран при тэмцээнүүд болон Олимпын эрхийн төлөөх тэмцээнд оролцох зардлын дэмжиж томоохон дэмжлэг үзүүлсэнд Монголын туялзуур сэлэмний холбооноос гүн талархал илэрхийлж байна.
Мөн анх удаа туялзуур сэлмийн спортыг олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж, үргэлж биднийг тууштай дэмжиж байгаа Монголын үндэсний олимпын хороо /MNOC/-нд талархаж байна. Та бүхэнд Монголын туялзуур сэлэмний холбооны 15 жилийн ойн мэндийг дэвшүүлье.
Шагналыг Азийн Туялзуур Сэлэмний холбооны Ерөнхийлөгч H.H. Engr. Sheikh Salem Bin Sultan AlQasimi болон Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Азийн зүүн бүсийн захирал Д.Ганбаатар нар гардуулав.
Эх сурвалж: МҮОХ