Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Японы Ардын дипломатын нийгэмлэгийн Япон, Монголын соёл, эдийн засгийн хорооны дарга Я.Фүкүда тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 01-ний өдөр Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзав.
Уулзалтаар сайд Б.Батцэцэг Монгол, Японы харилцааг бэхжүүлэх, ард иргэдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжихэд Японы Ардын дипломатын нийгэмлэг, тус нийгэмлэгийн Япон, Монголын соёл, эдийн засгийн хороо идэвх санаачилга гарган ажиллаж ирсэнд талархалтай буйгаа илэрхийлэв. Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд тус нийгэмлэгээс цаашид ч бодит хувь нэмэр оруулж ажиллана гэдэгт итгэлтэй буйг тэмдэглэв.
Японы тал хоёр улсын иргэдийн найрамдал, нөхөрлөлийг улам бүр гүнзгийрүүлж, солилцоог нэмэгдүүлэх, боловсрол, хүний нөөцийн чиглэлээрх сургалт, арга хэмжээг өргөн хүрээнд хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж хоорондын харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг дэмжиж, худалдаа, хөрөнгө оруулалтыг тэлэхийн төлөө идэвхийлэн ажиллахаа илэрхийлэв.
Талууд манай хоёр улсын хооронд Соёлын харилцаа тогтоосны 50 жилийн ой 2024 онд тохиож буйг тэмдэглэж, “хүн төвтэй” харилцааг бүхий л чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэхэд нягт хамтран ажиллахаар ярилцав.
Японы Ардын дипломатын нийгэмлэг (FEC-The International Friendship Exchange Council) нь дэлхий дахины энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө Япон Улс гадаадын улсууд, түүний дотор Азийн улс орнуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, хувийн хэвшил, иргэд хоорондын холбоог бэхжүүлэн хөгжүүлэх зорилгоор 1983 онд үүсгэн байгуулагдсан ашгийн бус байгууллага юм.
Тус нийгэмлэгийн Япон, Монголын соёл, эдийн засгийн хороо 2009 онд байгуулагдсан бөгөөд хоёр талын эдийн засаг, боловсрол, соёлын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр судалгаа хийх, уулзалт, арга хэмжээ зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж буй.