Дани улсын нийслэл Копенхаген хотноо марафоны “Парис 2024” Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнд Монголын марафонч, ОУХМ Г.Хишигсайхан 2:28:48 цагийн амжилтаар 4 дүгээр байрт шалгарсан бол гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:19:25 цагийн амжилтаар 14 дүгээр байр эзэллээ.
Б.Сэр-Од өнгөрсөн Хофугийн марафонд 2:10:11, Осакагийн марафонд 2:10:10 цаг гүйсэн амжилтаар Олон улсын хөнгөн атлетикийн холбооны чансаагаар 80 дугаар байрт жагсаж, Парисыг зорих эрхийн болзол хангаж, 6 дахь олимпын наадамд хурд, хүчээ сорихоор болоод байна.
Г.Хишигсайханы хувьд өнгөрсөн гуравдугаар сарын 3-ны өдөр зохиогдсон Токиогийн марафонд 2:26:32 цагийн амжилтаар 8 дугаар байр, Б.Мөнхзаяа өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр болсон Сөүлийн марафонд 2:24:45 цагийн амжилтаар шилдэг 10 дугаарт шалгарч Олимпод оролцох болзлоо биелүүлсэн билээ.
Монголын марафончид "Парис 2024" Олимпын наадамд 5 хүний бүрэлдэхүүнтэй оролцохыг зорьж байгаа бөгөөд ирэх 12-ны өдөр Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос эцсийн байдлаар баталгаажуулж зарлах юм байна.
Эх сурвалж: МҮОХ