Стандарт, хэмжил зүйн газар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, Монгол Улсын Засгийн газрын экспортыг дэмжих бодлогын хүрээнд Монгол Улсаас Кувейт улс цаашлаад Булангийн орнууд руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, экспортын гарцыг нэмэгдүүлэх зорилтыг тавьж ажилласан.
Энэхүү ажлыг эрчимжүүлэхэд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Кувейт Улс дахь Монгол Улсын элчин сайдын яам болон Элчин сайд П.Сэргэлэн нар бодлого, удирдлага зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ажиллалаа.
Арабын орнуудад мах, махан бүтээгдэхүүн экспортлоход тавигддаг гол шаардлага болох ХАЛАЛ гэрчилгээг олгох итгэмжлэлийн үнэлгээнд Стандарт, хэмжил зүйн газар болон Баян-Өлгий аймгийн стандарт, хэмжил зүйн хэлтэс амжилттай үнэлэгдэж, Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх магадлан итгэмжлэлийн төвөөр итгэмжлүүлсэн юм.
Пүрэв гарагт /2024.05.16/ энэхүү итгэмжлэлийн гэрчилгээг албан ёсоор Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн нар Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатарт гардууллаа.
Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх магадлан итгэмжлэлийн төвөөр итгэмжлэгдэж, энэхүү магадлан итгэмжлэлийн гэрчилгээг авснаар тус газраар баталгаажсан, халал стандартыг хангасан Монгол Улсад бэлтгэж үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүнийг Монголын хувийн аж ахуй нэгжүүд Булангийн орнууд руу экспортлох боломж бүрдэж байгаа юм.