Уул уурхай, хүнд үйлдврийн сайд Ж.Ганбаатар, Испанийн X-CALIBUR компанийн захирлыг Торонто хотод ажиллах үеэрээ Монгол Улсад хүрэлцэн ирэхийг урьсан бөгөөд тус компанийн төлөөлөл ирэх 4 дүгээр сард ирнэ.
Испани улсын X-CALIBUR компани нь ашигт малтмалын хэтийн төлөв тогтоох суурь судалгаа болох агаарын геофизикийн ажлыг иж бүрнээр нь хийдэг, энэ чиглэлдээ дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг юм.
Суурь судалгааны ажлыг маш богино хугацаанд, сүүлийн үеийн аргачлал, тоног төхөөрөмжөөр (тандан судалгаа, бүх төрлийн төхөөрөмжөөр тоноглогдсон нисдэг тэрэг, нисгэгчгүй нисдэг төхөөрөмж гэх мэт) гүйцэтгэдэг, иж бүрэн дата мэдээллийг боловсруулдаг байна.
Уул уурхай, хүнд үйлдврийн сайд Ж.Ганбаатар Канадын Торонто хотноо ажиллах үеэрээ олон чухал уулзалтуудад оролцсоны нэг нь тус компанийн төлөөлөлтэй уулзсан ажил хэрэгч уулзалт байсан юм.
Монгол Улсын хувьд ашигт малтмалын хэтийн төлөв өндөртэй ч хайгуул, судалгааны ажлын арга барил, техник технологийн талаар хоцрогдож байгаа учраас шинэ технологийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай.
Эх сурвалж: УУХҮЯ