“Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамтын ажиллагааны Коломбын төлөвлөгөө” (Colombo Plan) байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дахь удаагийн хурлыг 2024 оны 5 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Ази, номхон далайн бүс нутгийн 28 улсын гишүүнчлэл бүхий уг байгууллагад Монгол Улс 2004 онд гишүүнээр элссэн бөгөөд Монгол Улс энэ жилийн олон улсын хурлыг хүлээн авч, Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
2024 оны хурал нь “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эсрэг хүчээ нэгтгэсэн бүс нутгийн төлөө: Урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдэв дор зохион байгуулж байгаа бөгөөд цаашид уг салбарт анхаарах тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, нөөц бололцоог зөв зохистой ашиглах стратеги, хэрэгжүүлж буй техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн үр нөлөөг нэмэгдүүлэх талаар хэлэлцэх аж.