ВАШИНГТОН, 2024 оны долоодугаар сарын 14. /CNN/. Бямба гаргийн орой АНУ-ын Пенсильвани муж улсын Батлер хотод Ерөнхийлөгч асан Дональд Трампын сонгуулийн кампанит ажлын цуглаан болох үеэр зэвсэглэсэн этгээд гал нээжээ.
Уг үйл явдлын дараа зэвсэгт этгээд болон цугласан олны дунд байсан нэг хүн амиа алдсан гэж дүүргийн прокурор мэдэгдсэн байна. Өөр нэгэн хүний биеийн байдал мөн хүнд байгаа аж.
Зэвсэглэсэн этгээдийг гал нээх үеэр Д.Трамп шархадсан байна. Түүнийг тайзан дээр үг хэлж байх үед нь буун дуу гарсны дараа тэрбээр тайзан дээр унажээ. Улмаар нууц албаны ажилтнууд түүнийг бүчин хамгаалж, яаралтай авч явсан байна. Тус албаны зүгээс Д.Трампыг аюулгүй байгаа гэдгийг мэдэгджээ. Мөн хэвлэлийн төлөөлөгч нь түүнийг “сайн байгаа" гэж мэдээлсэн байна.
Сонгуулийн кампанит ажлын үеэр гал нээсэн уг хэрэг явдлыг хүний амь насанд халдахыг завдсан байж болзошгүй хэмээн шалгаж байгааг хууль сахиулах байгууллагынхан мэдээлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден бямба гаргийн орой үг хэлэх үеэрээ хүч хэрэглэсэн үйлдлийг зэмлэн буруушаагаад, Д.Трампыг аюулгүй байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Э.Хулан