Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос “Парис-2024” наадамд барилдах тамирчдын нэрсийг албан ёсоор зарласан бөгөөд тэмцээнд таван тивийн 122 орны 378 жүдоч 15 багц медалийн төлөө өрсөлдөх юм байна.
Харин энэ жүдочдын 192 нь эрэгтэй, 186 нь эмэгтэй юм. Эрэгтэйчүүдийн долоон жингээс 81 кг-д хамгийн олон буюу 33 тамирчин зодоглох бол +100 кг-д 23 бөх барилдах нь хамгийн цөөн юм. Тэгвэл эмэгтэй жингээс -78 кг-д 22 жүдоч барилдах нь хамгийн цөөн бол 48 кг-д хамгийн олон буюу 31 тамирчин өрсөлдөнө.
Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр таван жинд 10 тамирчин оролцохоос гадна холимог багийн төрөлд өрсөлдөнө. Эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Л.Энхрийлэн, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адьяасүрэн, эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, 66 кг-д Ё.Басхүү, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар зодоглоно.
Парист 10 болон түүнээс дээш тооны тамирчин илгээж буй 11 орон байгаа аж. Тодруулбал, Монгол, Бразил, Япон, Солонгос, Франц, Итали, Израйл, Гүрж, Герман, Нидерланд, Узбекистаны баг 10-аас дээш тамирчинтай Парист ирнэ. Үүнээс Франц, Япон бүтэн багаараа буюу эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд тамирчнаа сойх юм.
Олимпын жүдо бөхийн тэмцээний сугалаа энэ сарын 26-нд гарах бөгөөд 27-ноос 8 дугаар сарын 2-ныг хүртэл тэмцээн үргэлжлэх юм. Хэсгийн барилдаан Монголын цагаар 16:00 цагт, харин медалийн төлөөх барилдаан 22:00 цагаас эхэлнэ.