Монгол Улсад шатрын ахмадын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 10-18-нд болж байна.
Энэхүү 13 дахь удаагийн тэмцээнд есөн орны 81 шатарчин +50, +65 гэсэн хоёр насны ангилалд оюун ухаанаа сорьж байгаа юм. Дээрх тамирчдын 23 нь олон улсын цолтой гэдгээс тус тэмцээний чанар чансааг харж болно.
Энэ жил Олон улсын шатрын холбоо (ФИДЕ) үүсэн байгуулагдсаны 100 жил, Монгол улсад Орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож буй бөгөөд тэмдэглэлт баярын хүрээнд ахмадын Ази тивийн аварга шалгаруулах энэхүү тэмцээнийг өндөр ач холбогдол өгч зохион байгуулж буй юм.
Тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөж буй Монголын багийн онцлох тамирчдыг дурдвал, өдгөө 78 настай, гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн +65 насны ангилалд өрсөлдөж байна.
Тэрбээр Их мастер Б.Хатанбаатар, Ц.Батчулуун, А.Энхтуул тэргүүтэй шилдэг шатарчдыг бэлтгэн гаргасан билээ.
Мөн Б.Хатанбаатар, Н.Төвсанаа, Б.Баярмандах, Г.Оюунчимэг, Ж.Лхагва, Ч.Хүрэлбаатар нарын сайчууд өрсөлдөөнд өнгө нэмж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.