БЭЭЖИН, 2024 оны наймдугаар сарын 14 /CNBC/. Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Зикр” компани хамгийн хурдан цэнэглэгддэг хэмээн тодорхойлсон цэнэг хураагуураа мягмар гарагт танилцуулжээ. Энэ нь цахилгаан машины бүтэн цэнэгээр туулах зай, цэнэглэх үйл явцыг хялбаршуулах талаар хэрэглэгчдээс дэвшүүлж ирсэн асуудлуудыг шийдвэрлэх зорилготой.
Шинэ цэнэг хураагуур нь “Зикр”-ийн хурдан цэнэглэх станцуудад 10.5 минутын дотор 10 хувиас 80 хувь хүртэл цэнэглэгддэг гэж АНУ-д бүртгэлтэй тус компани мэдээлжээ. Түүнчлэн Цельсийн -10 хэмийн хүйтэнд 30 минутын дотор ийнхүү цэнэглэх боломжтойг дурдсан байна.
Үүнийг Илон Маскийн “Тесла” компанийнхтай харьцуулбал, “Тесла”-гийн супер цэнэглэгч нь автомашиныг 15 минутын дотор 200 миль /321 км/ зайг туулах хэмжээнд цэнэглэдэг. Компанийн цахим хуудсанд бичсэнээр, “Модел 3” загвар нь 15 минутын дотор 175 миль буюу нийт туулах зайны /363 миль/ 48 орчим хувьтай тэнцэхүйц цэнэг хураадаг байна.
“Зикр”-ийн мэдээлснээр, ирэх долоо хоногоос худалдаанд гарч эхлэх “2025 007” седан загварын автомашин нь шинэ цэнэг хураагуур бүхий анхны загвар болох ажээ. Тус компани Хятадад 500 гаруй хэт хурдан цэнэглэх станцыг нээсэн бөгөөд энэ оны эцэс гэхэд энэ тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Улмаар 2026 онд ийм станцын тоог 10 мянгад хүргэхээр зорьж байна.
Ташрамд дурдахад, Хятадын автомашин үйлдвэрлэгч “Нио” компаниас гурван минутын дотор солих боломжтой цэнэг хураагуурыг хэрэглэгчдэдээ санал болгож байгаа ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Э.Хулан