Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Биеийн тамир, спортын улсын хороо, Соёл урлагийн газраас хамтран зохион байгуулж буй "НҮҮДЭЛЧИН" дэлхийн соёлын фестиваль энэ сарын 16-18-ны өдрүүдэд Налайх дүүргийн Тайж хайрханы бэл, Налайхын голд болно.
Соёлын биет бус өвийн 7 ай савын хүрээнд болох тус наадамд Монгол Улсаас 880 өвлөн уламжлагч, 10 гаруй гадаадын улс орны 150 гаруй төлөөлөл оролцох юм. Наадмын үеэр отог, өртөө бүрээр зочлон өв соёлтойгоо танилцах, үзүүлэн тоглолт үзэж сонирхох, соёлын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн худалдан авах, хүүхэд багачууд гэр бүлд зориулсан соёлын боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдах, амтат хоолоор үйлчлүүлэх боломжтой аж.
Манай улс Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-гийн 2003 оны конвенцод 2005 онд нэгдэн орсон бөгөөд өөрийн нутаг дэвсгэр дээрх соёлын биет бус өвийг хамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээдэг.
Тус фестивалд хүчит 128 бөхийн барилдаан, өсвөр бөхийн барилдаан болон Өвөрмонгол, Буриад бөхийн үзүүлэх барилдаанууд болно.
Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болон үзүүлэх барилдаануудад (буриад барилдаанд 4 бөх, өвөр монгол бөхийн барилдаанд 4 бөх) барилдах бөхчүүдийг 08-р сарын 14-15-ны өдрүүдэд цахимаар бүртгэнэ.
Өсвөр бөхийн барилдааны бүртгэл 08-р сарын 16-ны өдрийн 13:00 цагаас болно. Барилдаан мөн өдрийн 14:00 цагаас эхлэх бөгөөд 13-14, 15-16 насанд тус бүр 32 өсвөрийн бөх барилдана.
Фестивалийн үндэсний спортын хөтөлбөрийг хавсаргав.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО