Стандарт, хэмжил зүйн газрын Даралтын эталоны лабораторид ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн (PTB)-ийн зөвлөх Тават Чанпан 2023 оны 02 дугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 10-ны хооронд ажиллалаа.
Тават нь PTB-ийн төсөл хэрэгжиж буй Киргиз, Монгол, Непал, Узбекистан, Шриланк зэрэг 5 улсын Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгийн даралтын лабораториудын чадавхыг сайжруулах, итгэмжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор дээрх лабораториудын дунд шингэний даралтын хэмжлийн харьцуулалтыг зохион байгуулж байгаа юм.
Ингэхдээ харьцуулалтын дээжийг өөрийн биеэр авчирч лабораторийн ахлах мэргэжилтэн Ц.Алтанцэцэг, техникч С.Ренчиндорж нарт даралтын өндөр нарийвчлалын хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга хийх, хэмжлийн үр дүнг боловсруулах зэргийг зааж сурган, харьцуулалтын хэмжилтийг амжилттай хийж дууслаа. Харьцуулалтын дүн нь 8-р сард гарах юм.
Хэмжил зүйн хүрээлэнгийн лабораторийн хувьд ISO/IEC 17025 стандартын дагуу итгэмжлэгдсэн байх ёстой бөгөөд стандартын нэг чухал шаардлага нь лаборатори хоорондын харьцуулалтад амжилттай оролцсон байх явдал юм.
Үүнээс гадна уг лабораторийг итгэмжлүүлэхэд шаардлагатай техникийн нотолгоог хэрхэн бэлтгэх, шалгалт тохируулгын лабораторийн эрсдлийн менежментийн талаар зөвлөгөө өгсөн.
Мөн ажилтнуудтай хамтран лабораторид ашиглагдаж буй хийн даралтын эталонуудад үзлэг хийж, цаашид эталоны хэвийн найдвартай ажиллагааг хангах, нэмэлт холболтын бүтцийг угсарч ажиллагааны туршилт хийсэн байна.