Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун ХБНГУ-ын Берлиний өвөг түүхийн музейн захирал Матисс Бемхофтой уулзаж, хоёр улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор 2026 онд “Чингис хаан: монголчуудын ертөнц” том хэмжээний олон улсын үзэсгэлэнг алдарт Ж.Симон галерейд гаргахаар тогтлоо.
Айлчлалын хүрээнд тус үзэсгэлэнд оролцуулах Хүлэгүгийн улс буюу Иль хант улсын Берлинд хадгалагдаж буй дурсгалууд, текстиль эдлэл, чулуун эдлэлийн лаборториудтай танилцав.
Энэ үеэр Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун Хумбольт форумын захирал Кохтой уулзаж, “Дэлхийд тархсан өв цуврал”-д Герман дахь Монголын өв каталогийг хэвлэн нийтлүүлэх эрхийг авч, удахгүй гаргахаар ажиллаж байна.
Энэ хүрээнд Берлиний Үндэсний номын сангийн Азийн тасагт буй Дьезийн XIII зууны монгол зураг, Турфанаас олдсон монгол бичгийн дурсгалууд, XIX зууны Халхын хошуудын зургаас хэвлэн нийтэлж оруулахаар захирал Каунтай тохиролцож, энэ онд багтаан эхний боть гаргахаар боллоо.
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Чингис хаан Үндэсний музей хамтран “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг дэлхийн нэр хүндтэй музейнүүдэд гаргахыг зорьсны үр дүнд 2027 он хүртэл захиалгаа ийнхүү авч чадлаа гэж Чингис хаан Үндэсний музей мэдээлэв.
Жеймс Симоны нэрэмжит галерей нь Берлин хот дахь Музейн арал буюу музейн цогцолборын төв хэсэг бөгөөд төрөл бүрийн музейг холбодог танхим юм. 2018 онд баригдсан энэхүү орчин үеийн барилга нь "Пергамон", "Боде", "Алтес", "Нойес" музейн түүхэн барилгуудтай харьцуулахад архитектурын хувьд эрс өөр өнгө аясыг харуулдаг. Жеймс Симон галерей нь Музейн арлын үйлчилгээний төвийн үүрэг гүйцэтгэхээс гадна түр үзэсгэлэнгүүдийг зохион байгуулдаг. Энэхүү барилгыг бизнес эрхлэгч, урлагийн бүтээл цуглуулагч Жеймс Симоны /1851-1932/ нэрээр нэрлэжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Туул
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!