УХАНЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /Phys.org/. Уханийн их сургуулийн эрдэмтэд 3D принтер болон Сарны хөрсний дээжийг ашиглан Саран дээр судалгааны бааз байгуулахад ашиглах барилгын материалыг гарган авчээ.
Туршилтын явцад эрдэмтэд Сарны хөрсний шинж чанарыг шингээсэн тоосгоны загваруудыг үйлдвэрлэжээ. Ингэхдээ Сарны гадаргуугийн дээд давхаргын найрлагатай хамгийн ойролцоо базальт гэх зэрэг материалыг ашигласан байна. Эдгээр тоосго нь агаарын хэмийн огцом өөрчлөлт, сансрын цацраг туяа, сарны чичирхийлэл зэрэг Сарны гадаргуугийн эрс тэс нөхцөлийг тэсвэрлэх ёстой.
Тоосгонууд сансрын цаг агаарыг тэсвэрлэх чанараа хадгалж чадах эсэхийг туршихаар Хятадын “Тяньгун” тойрог замын станц руу илгээх бөгөөд гурван жилийн туршид жил бүр шалгах ажээ.
Туршилтын үеэр мөн янз бүрийн төрлийн материалын шинж чанарыг харьцуулж, судалгааны бааз байгуулахад хамгийн тохиромжтой материалыг сонгоно. Эрдэмтэд “Чанъэ-5” сансрын аппаратаар дэлхийд авчирсан Сарны хөрсний дээжид хийсэн шинжилгээнд үндэслэн ердийн барилгын материалаас гурав дахин бат бөх хар тоосго үйлдвэрлэж чадсан байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал
Уханийн их сургуулийн багийнхан мөн Саран дээр барилгын ажлыг гүйцэтгэх тусгай 3D хэвлэгч роботыг зохион бүтээж байгаа ажээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!