Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газраас өнөөдөр /2023.03.22/ Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Хотын стандарт, хяналтын газартай хамтран "Стандарт ба хөгжил" үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлэг амжилттай зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболд, Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам, Барилга, байгууламжийн ашиглалт, бүртгэлийн хэлтэсийн дарга О.Оджаргал нар оролцсон юм. Харин Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр, СХЗГ-ын Хяналт-шинжилгээ, дотоод аудитын газрын дарга С.Батбаатар, Мэдээлэл технологи, стандартын лавлагаа, сургалтын төвийн дарга Ч.Содном нар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон бодлогын баримт бичгийг танилцууллаа.
Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газар, дүүрэг хороо зэрэг 87 байгууллагын удирдах албан тушаалтан, 48 хорооны засаг дарга нар нийт 283 албан хаагч оролцож, санал өгөх арга хэмжээ болсон юм.
Энэхүү үндэсний хөтөлбөрөөр салбар дундын хамтын ажиллагааг хангах зорилгоор баримт бичгүүдийн төсөлд санал санаачлагыг хүлээн авч, харилцан зөвлөлдөхөөр хэлэлцүүлгийг өрнүүлж байгаа юм.
Өнөөдрийн арга хэмжээний үеэр танхимаар найм, бичгээр 100 орчим санал ирсэн байна.
Манай Улсад нийт 6510 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Эдгээрийн орчин үеийн шааодлагат нийцүүлэн сайжруулах тал дээр хууль эрх зүйн бичиг баримтын боловсруулалт хийгдэж байна.