КАИР, 2025 оны хоёрдугаар сарын 20 /Reuters/. Луксор хотын ойролцоогоос олдсон эртний бунхан нь II Тутмос хааных мөн болохыг Египет-Британийн хамтарсан судалгааны баг тогтоосон нь сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд анх удаа фараоны булш олдсон тохиолдол юм. Энэ тухай Египетийн Аялал жуулчлал, эртний эд өлгийн яам мягмар гарагт мэдэгджээ.
Хаадын хөндийн баруун хэсэгт орших II Тутмосын бунхан бол Египетийн 18 үеийн хаадын сүүлчийн алдагдсан булш бөгөөд Тутанхамон хааны бунхныг 1922 онд олсноос хойш илрүүлсэн анхны хааны булш болж байна.
II Тутмос хаан болон Египетийг захирч байсан цөөн хэдэн эмэгтэйчүүдийн нэг болох түүний хатан Хатшепсут нарын нэрсийг сийлсэн алебастр савнуудаар археологичид бунхныг таньж тодорхойлжээ. Тэд мөн фараоны оршуулгын хэрэгслийн хэсгүүд, мөн хөх бичиг, шар од, шашны бичээс бүхий шавар зуурмагийн хэсгүүдийг олсон байна.
Хаан нас барсны дараахан үер буусны улмаас бунхан төдийлөн сайн хадгалагдаж чадаагүй байна гэдгийг яамны мэдэгдэлд дурджээ. Бунхан доторх ихэнх эд зүйлийг нүүлгэн шилжүүлсэн байдал ажиглагдсан бөгөөд одоо тэдгээрийг олох ажил үргэлжилж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Э.Хулан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!