CBCT буюу Танин мэдэхүйд суурилсан энэрэх сэтгэлийн сургалт нь шинжлэн бодох, бясалгах дадлагыг өдөр тутмын амьдралд хэвшүүлснээр сайн сайхан, амар амгаланг бүтээх цогц хөтөлбөр юм.
Энэхүү хөтөлбөрийг АНУ-д эрүүл мэндийн салбарын сургалт, судалгаагаар тэргүүлдэг Эмори их сургуулийн доктор, гэвш Лувсан Данзан Нэги олон зуун жил уламжилж ирсэн Энэтхэг-Төвөдийн бясалгалын арга зүйг ашиглан боловсруулсан юм байна.
Танин мэдэхүйд суурилсан гэж томьёолсон нь хөтөлбөрийн ихэнх дадлага танин мэдэхүйн дахин үнэлгээний аргуудыг шинжлэх бясалгалтай хослуулсан байдагтай холбоотой юм. Сэтгэлийн тайван, амгалан байдал нэмэгдэх тусам суралцагч бусадтай ойр дотно болж, тэдэнтэй харилцан хамааралтай гэдгээ илүү мэдрэх бөгөөд бусдыг энэрэх чадвараа сайжруулснаар аливаа бэрхшээлийг зүй зохистой даван туулах сэтгэлийн хаттай , сэтгэл хөдлөлөө зохицуулах ёс суртахуунтай, анхаарал төвлөрөл сайтай, зөв шийдвэр гаргадаг болох зэрэг олон ур чадварыг эзэмшинэ.
Цаашлаад ажлын байрны уур амьсгал эерэг болж, ажлын бүтээмж, зөв шийдвэр гаргах чадвар нэмэгдэж, ажлаас халшрах байдал багасна. Сэтгэлийн эерэг чадваруудыг хөгжүүлж, тэлж болдог гэдгийг орчин үе шинжлэх ухаан болон итгэл үнэмшлийн олон уламжлал дэмжиж, хүлээн зөвшөөрдөг байна.
Уг сургалтын хөтөлбөр нь энэ чиглэлээр хэрэгжиж байгаа олон хөтөлбөрөөс хамгийн их судалгаа, шинжилгээ хийгдсэн гэдгээрээ онцлогтой юм. Судалгааны үр дүнгээс дор дурдвал:
-Стресс болон үрэвслийн илтгэц буурсан
-Сэтгэл гутрал буурсан
-Гэмтлийн дараах стрессийн эмгэг багассан зэрэг болно.
Дараах эерэг үр дүн гарсан:
-Энэрэнгүй сэтгэл түүнтэй холбоотой мэдрэлийн нейронуудын үйл ажиллагаа идэвхжсэн
-Бусдын асуудал, зовлонг ойлгож мэдрэх чадвар ба түүнтэй холбоотой мэдрэлийн нейронуудын үйл ажиллагаа идэвхжсэн
-Өөрийгөө энэрэх, хайрлах сэтгэл нэмэгдсэн
-Итгэл найдвар нэмэгдсэн зэрэг болно.
CBCT буюу Танин мэдэхүйд суурилсан энэрэх сэтгэлийн сургалт нь нийт 8 бүлэгтэй, бүлэг тус бүр тухайн нэг ур чадвар, ойлголтыг сайжруулах, төгөлдөржүүлэхэд туслах юм байна. Эдгээр ур чадвар, ойлголтыг энэрэх сэтгэлийг хөжүүлэх суурь болдог гэж үздэг. Энэхүү дэс дараалалтай 8 бүлэг сургалтын талаар Та бүхэнд дараагийн цувралаараа танилцуулна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!