НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 11 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхий дээрх хамгийн өндөр ялалтын хаалга буюу нийслэл Вашингтонд хоёрдугаарт орох өндөр байгууламжийг барихаар төлөвлөж байгаа тухай СNN телевиз мэдээлжээ.
“Тусгаар тогтнолын хаалга” хэмээн нэрлэх уг хаалга 50 гаруй м өндөр, 50 орчим м өргөнтэй байх аж. Мөн 7.5 метр өндөр суурьтай бөгөөд дээд хэсэгт нь алтадсан хүрлээр хийсэн, 18 м орчим өндөр Эрх чөлөөний хөшөөний хуулбарыг байрлуулах тул нуман хаалганы нийт өндөр 76 м-ээс давна. Ингэснээр Вашингтонд баригдах уг байгууламж нь одоогоор дэлхийн хамгийн өндөр ялалтын нуман хаалга гэгддэг 67 м-ийн өндөртэй, Мехико хотын Хувьсгалын дурсгалт цогцолбороос өндөр болох юм.
“Тусгаар тогтнолын нуман хаалга” нь АНУ-ын нийслэл дэх 169 м өндөр Жорж Вашингтоны дурсгалын хөшөөний дараа орох хоёр дахь хамгийн өндөр байгууламж болох юм. “Энэхүү нуман хаалга нь зөвхөн Вашингтоны төдийгүй дэлхийн хэмжээнд гол үзмэрүүдийн нэг болно” хэмээн Цагаан ордны төлөөлөгч Дэвис Ингл CNN-д мэдэгджээ. Түүний хэлснээр, одоогоор загвар, зураг төслийг боловсруулж байгаа бөгөөд үүний дараа Нийслэлийн төлөвлөлтийн үндэсний хороо болон урлагийн комисст танилцуулж, зөвшөөрөл авах аж.
Ялалтын хаалгыг Авраам Линкольны дурсгалын цогцолбор болон Арлингтоны оршуулгын газрыг холбодог Арлингтоны дурсгалын гүүрний орчимд барихаар төлөвлөж байна. Гэхдээ ийм байршил нь Вашингтон хотын Рональд Рейганы нэрэмжит нисэх онгоцны буудлын аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй юм. Учир нь, газардах гэж буй онгоцууд “Тусгаар тогтнолын нуман хаалга”-ыг барихаар төлөвлөж буй газрын дээгүүр ердөө 150 метрийн өндөрт нисэх тул нисгэгчдэд алдаа гаргах эрхгүй.
Өнгөрсөн оны нэгдүгээр сард уг газраас холгүй зайд American Airlines компанийн зорчигч тээврийн онгоц Black Hawk нисдэг тэрэгтэй мөргөлдсөн осол гарсан юм. Онгоцонд сууж явсан 64 хүн, мөн нисдэг тэрэгний бүхээгт явсан гурван цэрэг бүгд амиа алдсан байна. Тэдний дотор 1994 оны дэлхийн аварга Евгения Шишкова, Вадим Наумов нар, мөн Зөвлөлтийн уран гулгагч Инна Волянская зэрэг уран гулгагч, дасгалжуулагч болон тэдний гэр бүлийнхэн зэрэг 28 хүн байжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!