
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Японы мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёгийн 5 дахь өдрийн /2026.05.14/ барилдааны тоймыг толилуулж байна.
Өнөөдөр ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил/М-13/ Ваканошо/М-16/ -той учраа тааран барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Рога А.Амарсанаа/М-14/ энэ өдөр Котоейхо/М-13/-тэй учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 3 даваа, 2 унаатай болоод байна. Харин Котоейхо 5 даваатай башёг тэргүүлэгчдийн эгнээнд явна.

Асахакүрюү Р.Жамъянтогтох /М-8/ энэ өдөр Ура/М-11/-тэй учраа тааран барилдаж түүнд окүридаши мэхээр унаснаар 2 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Энэ өдөр Чиёошома Г.Мөнхсайхан/М-7/, Ошёома П.Дэлгэрбаяр /М-8/-тай оноолт тааран барилдаж түүнд уватэнаге мэхээр унаж 2 даваа, 3 унаатай болсон бол Ошёома 3 даваа, 2 унаатай боллоо.
Комүсүби Вакатакакаге энэ өдөр Таканошёо/М-1/-той оноолт таарч хүч үзэн түүнд хатакикоми мэхээр унаж 1 унаа, 4 даваатай башёг үргэлжлүүлж байна.

Сэкиваке Котошохо энэ өдөр Охо/М-3/-той таарч барилдан түүнийг окүридаши мэхээр хаяснаар тэд адилхан 2 даваа, 3 унаатай болов.

Сэкиваке Атамифүжи энэ өдөр Фүжинокава/М-1/-тай учраа тараан хүч сорьж түүнийг ёритаоши мэхээр давснаар 3 унаа, 2 даваатай болов.
Озэки Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр Хирадоүми/М-3/-тэй учраа таарч барилдан түүнийг сүкинаге мэхээр хаяснаар 5 даваатай боллоо.


Озэки Котозакүра энэ өдөр Ичияамамото/М-2/-той барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар тэд адилхан 3 унаа, 2 даваатай болоод байна.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!