ЖЕНЕВ, 2026 оны тавдугаар сарын 16 /ТАСС/. Хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны тоглолтод зохион байгуулагч орон болох Швейцарын хоккейчид АНУ-ын шигшээ багийг 3:1 харьцаагаар хожлоо.
Ялсан багаас Пиус Зутер (3 дахь минут), Свен Андригетто (12), Кен Егер (57) нар шайб оруулсан бол Америкийн багийн Алекс Стивс (49) хариу гоол хийжээ.
Өмнөх оны ДАШТ-ий финалд Швейцар, АНУ-ын шигшээ багууд шалгарч, америкчууд нэмэлт цагт 1:0 харьцаагаар швейцарчуудыг хожсоноор дэлхийн аварга болж байв. Энэ удаагийн ДАШТ-д өмнөх тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Швейцарын 18 хоккейчин оролцож байгаа бол Америкийн багийн бүрэлдэхүүнд дэлхийн аваргуудаас “Бостон” багийн хамгаалагч Мейсон Лорей ганцаараа багтжээ.
Швейцар, АНУ-ын багууд А хэсэгт тоглож байгаа бөгөөд тус хэсэгт багтсан Финландын баг германчуудыг 3:1-ээр хожсон байна. В хэсэгт Чехийн шигшээ Данийн багийг 4:1-ээр, канадчууд Шведийн шигшээг 5:3-аар тус тус хожжээ.
Энэ удаагийн ДАШТ-д 16 улсын шигшээ багууд хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. Хэсэг тус бүрээс шилдэг 4 баг шөвгийн наймд шалгарах бол хэсэгтээ хамгийн сүүлд орсон багууд II дивизион руу бууж, ирэх оны ДАШТ-д оролцоно.
ОХУ, Беларусийн шигшээ багууд 2022 оноос хойш ДАШТ-д оролцохгүй байгаа юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Адъяахүү

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!