Өчигдөр манай тэкболчид анх удаагаа Азийн наадамд оролцож, нэгэн шинэ замыг нээлээ. Тус наадамд Монгол Улсаас хоёр тамирчин багийн ахлагч О.Одбаяр, дасгалжуулагч Ч.Амарсанаагийн удирдлага дор оролцож байгаа юм.
![]()

Тэкболын спорт анх удаагаа Азийн Наадамд орж байгаа бөгөөд 15 улсын 36 эр, 20 эм тамирчин ганцаарчилсан, дан хос, холимог хосын төрлөөр өрсөлдөж байна.
![]()

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Г.Чингүүн өрсөлдсөн. Манай тамирчин “А” хэсэгт Ирак, Кувейт, Мьянмар, Киргизстаны тамирчидтай таарсан.

Харин эрэгтэй хосын төрөлд Г.Чингүүн, Н.Цэцэнбэрх нар тоглолоо. Тэдний өрсөлдөгч нь тэмцээнийг зохион байгуулагч Япон болон Кувейтийн баг байлаа.
2015 онд Унгар улсад Тэкболын спорт үүсэж, олон улсын холбоо байгуулагдсан. Монголын Тэкбол Холбоо 2019 онд гишүүнээр элссэн. Тэкбол бол хөлбөмбөг, ширээний теннис болон фристайлын ур чадварыг хослуулсан, хурд, авхаалж самбаа, техник шаарддаг, үзүүштэй спортын төрөл юм. Хагас нуман ширээн дээр хөлбөмбөгийнх шиг бөмбөгөөр тоглоно. Гараас бусад биеийн бүх хэсгээр бөмбөгөнд хүрч болох энэ тоглоом тун сонирхолтой.

Тэкбол нь хөлбөмбөг, ширээний теннис, волейболын дундаас үүссэн спорт. Олон улсад хамгийн хурдацтай хөгжиж байгаа спортын төрлийн нэг. Энэ спортын гол онцлог маань нас, хүйс, ур чадвар, өндөр нам харгалзахгүй, гэмтэл бэртлээс ангид, гадаа, заал танхим хаана ч тоглох боломжтой төрөл. Монголчуудын бие бялдарт яг тохирсон спорт.
Бразилын Неймар, Коутиньо зэрэг хөлбөмбөгийн одод тэкболын тэмцээнд байнга оролцдог бол алдарт Рональдиньо энэ спортын элчин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэдэг. 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадамд тэкбол нь үзүүлэх спортоор оролцоно.
Эх сурвалж: М.Сугар-Эрдэнэ UB LIFE /Гэрэл зургийг Г.Эрдэнэтуяа/

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!