Дэлхийн хэмжил зүйн өдрийг 1875 оны Метрийн хэлэлцээрийг баталсан өдрийг тохиолдуулан 5 дугаар сарын 20-нд тэмдэглэж иржээ.
Метрийн хэлэлцээрээр, шинжлэх ухааны ололт, инновац, үйлдвэрлэл, олон улсын худалдаа, амьдралын чанарыг сайжруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах үндэс суурь болсон дэлхий нийтийн хэмжлийн нэгдмэл тогтолцоог бий болгосон юм.
2023 оны Дэлхийн хэмжил зүйн өдрийг “Хэмжил дэлхийн хүнсний тогтолцоонд дэмжлэг үзүүлэх нь” уриан дор тэмдэглэх юм байна. 2022 оны төгсгөлд 8 тэрбум хүн амтай болсон дэлхийн хүнсний хангамж болон уур амьсгалын өөрчлөлтийн өсөн нэмэгдэж байгаа сорилтоос үүдэн энэ сэдвийг сонгосон байна.
Энэ өдөр олон улс орны засгийн газар болон үндэсний хэмжил зүйн байгууллагууд, хүрээлэнгүүдэд ажиллаж буй бүх хүмүүсийн оруулсан хувь нэмрийг үнэлж, тэмдэглэдэг юм.
Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгүүд нь дэлхийн өнцөг булан бүрт хэмжлийн шинэ техникийг шаардлагатай нарийвчлалын түвшинд бий болгож, хэмжил зүйн шинжлэх ухааныг хөгжүүлсээр байна.
Хууль эрхийн хэмжил зүйн олон улсын байгууллага (OIML)-аас нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт тавигдах шаардлагуудыг уялдуулан нийцүүлэх зорилгоор зөвлөмжийн стандартуудыг боловсруулж байгаа гэдгийг онцоллоо. Мөн тус байгууллагаас хэмжил зүйн хяналт шалгалтад заавал хамруулан зохицуулагдах хэмжих хэрэгслийн олон улсын худалдаа болон хүлээн зөвшөөрөгдөх байдлыг хөнгөвчлөх тохирлын үнэлгээний тогтолцоог (OIML-CS) хариуцан ажилладаг юм байна.
Хэмжил зүйн салбарын олон улсын байгууллага болох “Жин хэмжүүрийн олон улсын товчоо” (BIPM)-оос зохион байгуулагддаг “Хэмжлийн харьцуулалт“-д Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгүүд оролцож хэмжлийн үр дүнгийнхээ найдвартай, үнэн зөв байдлыг ханган ажилладаг байна.