"Улаанбаатар-2023" Их дуулга тэмцээний сүүлийн өдөр манай тамирчдаас оргил амжилтыг ОУХМ Батхуягийн Гончигсүрэн үзүүлж -100 кг жинд аваргын алтан медаль хүртлээ.
Б.Гончигсүрэн энэ өдөр Степпе Аренад хууран чуулсан олныг баясган эхний тойрогтоо Даниэль Мукетег, хоёрын даваандаа Японы Котаро Үэокаг, хэсгийн аваргын төлөө Польшийн Пётр Кучераг ялсан. Улмаар хагас шигшээд энэ оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга IJF-ийн нэр дээр оролцож буй ОХУ-ын Арман Адамянийг ялж, хурсан олныг баясгаад байна.
Энэ жинд түүнтэй аваргын төлөө Гүржийн домогт Варлам Лепартелиани барилдаж нэмэлт цагт иппон үнэлгээгээр цэвэр ялж, Монголын багийн "Улаанбаатар-2023" Их дуулгын 2 дахь алтан медалийг эх оронд авчирлаа.
Өнөөдрийн эмэгтэйчүүдийн +78 кг жингийн хүрэл медалийн төлөө барилдаанд Монголын 2 жүдоч хүчээ сорив. Тодруулбал, ОУХМ А.Адъяасүрэн, Д.Номинзул нар барилдаж ОУХМ Д.Номинзул торгуулиар ялж "Улаанбаатар-2023" Их дуулгын хүрэл медалийн эзэн боллоо.
Эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох +100 кг жинд хүрэл медалийн төлөө ОУХМ О.Цэцэнцэнгэл, Азербайжаны жүдоч У.Кокауритай барилдаж түүнийг иппон үнэлгээгээр цэвэр ялж хүрэл медаль хүртэснээр Монголын шигшээ баг 2 алт, 4 хүрэл медальтай багийн дүнгээр 3 дугаар байр эзэллээ.
1. Japan | 7 | 1 | 2 |
2. Israel | 2 | 1 | 3 |
3. Mongolia | 2 | 0 | 4 |
4. Canada | 1 | 1 | 0 |
5. Republic of Korea | 0 | 2 | 3 |