Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын сагсан бөмбөгийн хөвгүүдийн ангилалд Сүхбаатарын аймгийн баг түрүүлж алтан медалийн эзэд боллоо.
Энэхүү тэмцээн 6 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд явагдсан бөгөөд аймаг, дүүргээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй 16 баг дөрвөн хэсэгт өрсөлдөн шилдгүүдээ тодруулсан юм.
Сүхбаатар аймгийн шигшээ тоглолтод Дархан-Уул аймгийн багийг 68:53-аар хожсон юм. Харин хүрэл медалийг Сэлэнгэ аймгийн багийг ганц онооны зөрүү буюу 60:59-ээр буулган авсан Орхон аймгийн өсвөрийн сагсан бөмбөгчид хүртлээ.
Охидын ангилалд Баянгол дүүргийн баг аваргаар шалгарсан. Баянголын охид шигшээ тоглолтод 62:57-гоор Орхон аймгийн багийг хожсон. Хүрэл медалийн болзлыг Баянхонгор аймгийн баг хүртэв. Хонгор нутгийн баг медалийн төлөө Өмнөговь аймгийг 61:46-гаар буулган авлаа.
Сагсан бөмбөгийн медальтнууд:
Хөвгүүд:
- Сүхбаатар аймаг
- Дархан-Уул аймаг
- Орхон аймаг
Охид
- Баянгол дүүрэг
- Орхон аймаг
- Баянхонгор аймаг