Өнөөдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 27-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Ерөө, Сөгнөгөр зүүн хажуугийн Онон, Хангай нурууны арын Орхон, өврийн Байдраг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдсэн байна.
Харин Хархираа гол үерийн түвшинг 5 см, Ховд гол үерийн аюултай түвшинг 40 см давсан хэвээр байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороотой тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух магадлал өндөр байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа ард иргэд үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг анхааруулж байна.
Мөн түүнчлэн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.
УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс