Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өчигдөр /2023.07.04/ Uptime Institute-ийн Худалдааны албаны дарга Филип Коллертонтой уулзлаа.
Уулзалтын эхэнд Н.Учрал сайд Монгол Улсын ХХЗХ-той Дата төвүүдийг сертификатжуулах, олон улсын стандартын сайн туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичиг байгуулахаар болсонд баяртай байна гэсэн юм. Мөн манай Дата төвүүдийн хөгжлийн талаар баримтлах бодлого, зохицуулалтад Uptime Institute-ээс үнэтэй мэдлэг, зөвлөмжийг өгнө хэмээн найдаж байгаагаа илэрхийллээ.
ЦХХХЯ-наас Үндэсний дата төв УТҮГ-ыг олон улсын сертификатаар магадлан итгэмжлүүлэхээр зорьж байгаа бөгөөд энэ нь төрийн байгууллагын нэгдсэн мэдээллийн сангийн найдвартай ажиллагаанд чухал үр нөлөөтэй юм. Тиймээс энэ чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцож, Uptime Institute-ээс дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийллээ.
ХХЗХ болон Uptime Institute-ийн хамтын ажиллагааны тухайд Монголын Дата төвүүдийг UI-тай хамтран ажиллах, сертификат авах талаар дэмжих, ялангуяа Дата төвийн төлөвлөлтийн баримт бичгийн болон байгууламжийн батламж авах чиглэлээр ажиллах юм.
Uptime Institute LLC нь дэлхийн 114 орны Дата төвүүдэд 2,800 гаруй сертификат олгосон бөгөөд Дата төвийн найдвартай ажиллагааны нэр хүндийн баталгаа болдог юм.