Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн шөнө буюу 8 дугаар сарын 05-ны өдрийн 19:30 цагаас орсон усархаг аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Бага дарь эхийн нэгдүгээр гудамжнаас 127 дугаар сургууль хүртэл үерийн ус урсаж, 246 айл өрх, 12 аж ахуйн нэгж усанд автаж, 105 автомашин, нэг зам үерт урссан.
Үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэл, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтэс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн нийт 520 орчим алба хаагч, 138 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Мөн ОБЕГ-т Нэгдсэн шуурхай штабыг, ерөнхий боловсролын 127 дугаар сургуульд нийслэлийн Шуурхай штабыг тус тус байгуулан, УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга, Д.Сумьяабазар, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй мэргэжлийн байгууллагуудын удирдлагууд шуурхай арга хэмжээ авч, газар дээр нь ажиллаж байна.
Алба хаагчид үерт өртсөн, зам дагуу айлуудыг нүүлгэн шилжүүлэх, самналтын ажлыг хийж, сэргээн босгох ажлыг эхлүүлээд байна. Мөн тойрогт овоорсон, овоолго шороо, үерт автсан машин тэргийг чөлөөлөх ажлыг гүйцэтгэж, хор уршгийг арилгах арга хэмжээг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР