Монголын үндэсний олимпын хороо болон Дундговь аймгийн Засаг даргын тамгын газраас хамтран гадаа талбайд эрүүл агаарт хичээллэх боломжтой спортын төрлүүдийг сурталчлах, олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2023 оны 9 дүгээр сарын 16,17-ны өдрүүдэд Мандалговь хотноо Монголын элсний анхдугаар наадмыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.
Түүхэндээ анх удаагаа болох уг элсний наадамд Дундговь, Өвөрхангай, Увс, Архангай аймаг, МУБИС, ШУТИС, ҮБТДС, Алдар спорт хороо, Хилчин спорт хороо, Хангай бөхийн клуб, Анхдагч клуб, Дэрэн клуб, Цаст тайга клуб, SRP клубийн нийт 130 гаруй тамирчид бадминтон, волейбол, бөх, текбол нийт 4 спортын төрлөөр ур чадвараа сорих юм.
МҮОХ-ноос олон нийтэд спорт, олимпизм, эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчиндоо ээлтэй байх үзэл баримтлалыг сурталчлах үйл ажиллагааны хүрээнд цаашид уг элсний наадмыг илүү өргөн хүрээтэйгээр тогтмол зохион байгуулахыг зорин ажиллах болно.