“Ханжоу 2022” Азийн 19 дугаар наадмын жүдо бөхийн төрөлд өнөөдөр эмэгтэй 48, 52, эрэгтэй 60, 66 кг барилдаан үргэлжилж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү эхний даваанд Лаосын Оуанвилай Кесоныг иппоноор яллаа.
Харин дараагийн даваанд БНСУ-ын И Хе Ёнд ялагдсан. Улмаар дагах барилдаанд шилжсэн ч БНАСАУ-ын Жон Су Ёнд вазаригаар дийлдэж, тэмцээнээ дуусгав.
Харин эмэгтэйчүүдийн 52 кг-д зодоглосон Л.Сосорбарам Балбын жүдоч Дебаки Майаг цэвэр ялж, Казахстаны Галя Тынбайеваг вазаригаар илүүрхсэн ч хагас шигшээд энэ жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Диёра Келдиёровад вазаригаар хожигдсоноор хүрэл медалийн төлөө Индонезийн Марьям Махаранитай барилдахаар болов.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд эхлээд Вьетнамын Чу Дак Датыг илт давуу ялаад шөвгийн наймд Тажикистаны Суфиев Мерзодыг нэмэлт цагт иппоноор ялсан, Харин хагас шигшээд Хятадын Тайванийн Ян Юү Вэйд ялагдаж, мөн хүрэл медалийн төлөө БНАСАУ-ын Чаэ Вон Жинтэй хүч сорих юм байна.
Эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү Хонконгийн Мартин Лао, Тажикистаны Обид Жедов, Узбекистаны Сардор Нуриллаев нарыг төвөггүй цэвэр ялсаар алтан медалийн төлөө Японы Риома Танакатай туналаа.
Жүдогийн шигшээ барилдаан 16.00 цагаас эхэлнэ.
Гэрэл зургийг: Ч.Ганбат /МССХ/ Ganbat Chuluunbaatar