Азийн 19 дэх удаагийн наадмын усанд сэлэлтийн тэмцээнд нийт 41 багц медалийн эзэд тодрох нь зөвхөн хөнгөн атлетикийн дараа орох тоо юм.
Ази тив төдийгүй дэлхийд дээгүүр зиндаатай шилдгүүд Ханжоуд өрсөлдөхөөс “Фукуока 2023” усан спортын ДАШТ-ий 4 алтан медальт шинэ од, эзэн орны тамирчин Чин Хайян хамгийн тод оддын нэг болоод байна.
Эмэгтэйчүүдээс Токиогийн олимпийн хошой аварга Жан Юүфэй мөн Ханжоуд ирээд байна. 24 настай бүсгүйн хувьд мөн л Чин Хайяны адилаар энэ оны ДАШТ-ээс 4 алтан медаль хүртсэн билээ.
Монгол улсын усанд сэлэлтийн шигшээ баг “Ханжоу-2022”-д урд өмнө байгаагүй том “десант буулгасан” бөгөөд нийт 29 тамирчин усан замд хурд сорино.
Насны хувьд шигшээ багийн гишүүд 14-22 насныхан бөгөөд тэднээс 20 нь 18 нас хүрээгүй буюу харьцангуй залуу бүрэлдэхүүн юм.
Манай зарим тамирчид Израильд зохиогдсон залуучуудын ДАШТ-ий бэлтгэлээ үргэлжлүүлэн Азийн наадамд хүрэлцэн ирээд байгаа.
Өнөөдөр нийт 9 зайд хурд сорьсон манай тамирчдаас Б.Энхтамир эрэгтэй 100 м-ийн чөлөөт сэлэлтэд гараандаа 3-р байр эзэлсэн бол 100м-ийн араар даллах төрөлд манай тамирчин Х.Цэлмэг 1-р гараанд гарч уралдан 1 минут 02.79 секундээр тэргүүлсэн.
Нийлбэр дүнгээр Б.Энхтамир 44 тамирчнаас 26-р байр, Х.Цэлмэг 28 тамирчнаас 24-р байр тус тус эзэллээ.
Мэдээг: Baatarzorig Chadraabal
Гэрэл зургийг: Д.Амаржаргал /Zindaa.mn/