0
Итали улсын Ломбардиа хотод дэлхийн мастеруудын өвлийн III наадам нэгдүгээр сарын 12-21-нд болох бөгөөд 64 орны 3000 гаруй тамирчин спортын 11 төрөлд өрсөлдөх юм.
Монгол Улсаас цана, тэшүүрийн төрлөөр баг тамирчид оролцох бөгөөд баг тамирчдад төрийн далбаа гардуулах ёслол өнөөдөр болов. Арга хэмжээнд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, ОНБТСҮХ-ны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Монголынмастеруудын биеийн тамир, спортын хорооны ерөнхийлөгч Ч.Наранбаатар, БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Гадаад харилцаа мэдээллийнтехнологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Баасансүрэн нарын хүндтэй эрхмүүд оролцлоо.
БТСУХ-ны дарга О.Баттулга “Ломбардиа-2024” наадмын Монголын багийн ахлагч Ц.Оюунцэцэгт Монгол Улсын төрийн далбааг гардууллаа. Энэ үеэр ОНБТСҮХ-ны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин “Шинэ оны анхны олон улсын уралдаан тэмцээнд оролцож буй Та бүхэнд спортын амжилт хүсье. Хүүхэд, залуустаа тогтмол дасгалхөдөлгөөн хийхийг уриалж, биечлэн үлгэрлэж байгаа”-г чухалчлав. Тус наадам өмнөнь хоёр удаа болоход Монголын ахмад тамирчид нийт 15 медаль хүртсэн ба дөрвөн алт, зургаан мөнгө, таван хүрэл медаль хүртэж байв.
Дэлхийн мастеруудын өвлийн наадмаас Л.Алтанцэцэг хамгийн олон медаль хүртсэн монгол тамирчин. Тэр 2015 онд болсон тус наадмын тэшүүрийн 500, 1000, 1500 метрийн зайд алтан медаль хүртэж, 2020 онд Австри улсад болсон энэ наадмын 5000 метрт мөнгө, 3000 метрт хүрэл медаль хүртжээ. Харин Монголын багийн хамгийн ахмад нь болох Б.Жалбаа (83 настай) 2020 онд болсон тус наадмын 500, 1000, 1500, 3000 метрийн зайд мөнгөн медаль хүртсэн нь онцлохоос аргагүй амжилт юм.
Мастеруудын наадмаас медаль хүртсэн бусад тамирчдыг танилцуулбал, Н.Эрдэнэтуяа, Д.Энхээ, Р.Сарантуяа нар алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ.
Энэ удаагийн наадамд Монгол Улсыг төлөөлж, цана, тэшүүрийн төрөлд Ц.Оюунцэцэг, З.Ганбат, Ц.Золбаяр, П.Биндэрьяа, Д.Энхээ, Д.Очирсүх, Ж.Бат-Очир, Ц.Баярсайхан, М.Пүрэвмаа, Д.Сувдаа, Б.Жалбаа, Л.Алтанцэцэг, Р.Сарантуяа, С.Амар, Б.Төмөрбаатар, О.Энхболд, М.Мөнхцэцэг, Д.Мөнхбаатар, М.Алтанхуяг, Л.Бямбацэрэн, Б.Уранчимэг, Л.Буянбаасан нарын бүрэлдэхүүнтэй хурд хүчээ сорих юм байна.