Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Япон Улсын Хууль зүйн яамны Судалгаа, сургалтын хүрээлэнгийн (RTI) Олон улсын хамтын ажиллагааны газрын (ICD) Захирал Шинтаро Найто тэргүүтэй төлөөлөгчдийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүлээн авч уулзлаа.
Дэд сайд Б.Солонгоо манай хоёр орон өнө эртний найрсаг харилцаатайг онцлоод Монгол-Япон хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хууль, эрх зүйн салбарт улам бүр өргөжин хөгжиж байгааг уулзалтын эхэнд дурдлаа.
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хувийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хэд хэдэн суурь хуулийг боловсруулж байгаа. Үүний нэг нь Арилжааны хуулийн төсөл бөгөөд уг хуулийн төслийг боловсруулахад Япон Улсын Хууль зүй яамны Судалгаа, сургалтын хүрээлэнгээс хамтарсан хэд хэдэн удаагийн семинар хийж, үр дүнтэй хамтран ажиллаж байгаад талархаж буйгаа дэд сайд Б.Солонгоо илэрхийлэв.
Цаашдаа хууль зүй, дотоод хэргийн салбарын ажилтан, алба хаагчдыг Япон Улсад суралцуулах, харилцан туршлага солилцох чиглэлд дэмжиж ажиллахыг хүслээ.
Япон Улсын Хууль зүй яамны Судалгаа, сургалтын хүрээлэнгийн (RTI) Олон улсын хамтын ажиллагааны газар нь (ICD) Япон Улсын Засгийн газар, Хууль зүйн яамнаас Азийн болон бусад орнуудын хууль зүйн туслалцаа, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд өргөн хүрээнд хамтран ажилладаг болохыг Шинтаро Найто уулзалтын эхэнд онцлов. Монгол Улсад эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй зарим хуулийн төслүүдэд хамтран ажиллаж, сургалт уулзалтууд хийснийг дурдаад цаашдаа энэ чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд таатай байх болно гэдгээ хэллээ.