Дугуйн анхны шигшээ баг 1958 онд байгуулагдан “Токио 1964”, “Москва 1980”, “Барселона 1992”, “Атланта 1996” олимпод оролцож байжээ.
Үндэсний шигшээ баг нь 1997 он хүртэл бүтэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаад 1999, 2003 онд зөвхөн Олимпийн эрх авах зорилгоор хагас бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажиллаж байв.
Учир нь 1995 онд Дэлхийн Сонирхогчдын дугуйн холбоо мөн Дэлхийн Мэргэжлийн дугуйн холбоо нэгдэн 1996 оны Атлантын олимпоос мэргэжлийн дугуйчид оролцож эрх авах болсноор МДХ-нд Мэргэжлийн баг тамирчдыг бэлтгэх шаардлага тулгарсан билээ.
Ийнхүү 2013 оноос Мэргэжлийн дугуйчдыг бэлтгэн 2022 онд анхны хагас мэргэжлийн “Ферей-Монгол” багийг Холбооны дэргэд байгуулан, мөн 2022 оны есдүгээр сараас хагас бүрэлдэхүүнтэй Үндэсний шигшээ багийг байгуулж “Парис 2024” олимпийн эрхээ авч чадсанаар 2024 оноос Үндэсний шигшээ багийг 2 дасгалжуулагч, 8 тамирчин, нийт 10 хүнтэй бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлснийг Монголын Дугуйн Холбооноос мэдээллээ.