Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газар /Korean Consumer Agency/-тай 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан чиг үүргийн хүрээнд идэвхтэй хамтран ажилладаг билээ.
БНСУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газраас тухайн улсын иргэний өргөдлийг уламжлан ирүүлснийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэрэглэгчийн хохирлыг барагдуулж, шийдвэрлүүллээ.
Тодруулбал, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэний өргөдөлд дурдсанаас үзэхэд Монгол Улсад аялах зорилгоор “МИАТ” ТӨХК-ийн ICN (Инчон) – ULN (Улаанбаатар) чиглэлд хоёр талын нислэг захиалж, төлбөрт 680.337 воныг төлсөн ч дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын дэгдэлтийн улмаас нислэгийн захиалга цуцлагдсан ч тодорхой бус шалтгааны улмаас нислэгийн тийзийн төлбөр буцаан олгогдоогүй байдаг.
Тэгвэл БНСУ-ын иргэний өргөдөлд дурдсан дээрх асуудлыг “Ковид-19” цар тахлын дэгдэлт буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн хүндэтгэн үзэхүйц байдлыг харгалзан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх шаардлагыг хүргүүлсэн бол “МИАТ” ТӨХК-иас 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01/504 дугаартай албан бичгээр тухайн иргэний төлбөрийн буцаалтыг хийж, хэрэглэгчийн гомдлыг барагдуулсан талаар мэдээлэл ирүүлжээ.
Мөн БНСУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагаас хоёр орны хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн хариу захидал ирүүлсэн байна.