ПРЕТОРИ, 2024 оны гуравдугаар сарын 26 /ТАСС/. Орчин үеийн сэтгүүлчдийн 30 шахам хувь нь генератив хиймэл оюун ухааныг (GenAI) өдөр тутмын ажилдаа ашиглаж байна гэж олон нийттэй харилцах, хэвлэл мэдээллийн ажилтнуудад туслалцаа үзүүлэх чиглэлээр мэргэшсэн “Muck Rack” компанийн "2024 оны сэтгүүл зүйн байдал" судалгаанд дурджээ.
Генератив хиймэл оюун ухааныг ашиглан бичвэр, зураг үүсгэхээс гадна мэдээллийн сангуудаас шаардлагатай мэдээллийг хайдаг. Судалгаанаас үзэхэд, өнөө үед сэтгүүлчдийн 28 хувь нь GenAI-г ашиглаж байгаа бол 20 хувь нь ашиглах боломжийг судлахаар төлөвлөж байгаа аж.
GenAI-г ашиглаж байгаа эсвэл цаашид ашиглахаар төлөвлөж байгаа сэтгүүлчдийн ихэнх нь үүнийг нийтлэлийн сэдэв олох, судалгаа хийхдээ ашиглах боломж гэж үзэж байна. Нийтлэл бичвэрүүдийг бичихэд GenAI-г мөн өргөнөөр ашиглаж байгаа ажээ. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор ойрын хэдэн жилд интернэт контентуудын 25 орчим хувийг хиймэл оюун ухаан ашиглан бүтээж магадгүй байна.
Сэтгүүлчдийн ажилд нийгмийн сүлжээний гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэж байгааг "Muck Rack"-ийн судалгаанд онцолжээ. “Олон нийтийн сүлжээнүүд сэтгүүлчдийн ажилд маш чухал. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнуудын 70 гаруй хувь нь үзэл бодол, нийтлэлээ олон нийтэд хүргэхийн тулд нийгмийн сүлжээг ашигладаг. Сэтгүүлчдийн талаас илүү хувь нь нийгмийн сүлжээг мэдээ сурвалжилга бэлтгэхэд чухал эсвэл маш чухал гэж үзэж байна” гэж дэлхийн ихэнх бүс нутгийн сэтгүүлчдийн дунд явуулсан судалгаанд үндэслэн бэлтгэсэн тайланд дурджээ.
Мэргэжлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамгийн том байгууллага болох Дэлхийн сонин, хэвлэлийн холбооны мэдээллээр, нийт редакцуудын 49 хувь нь GenAI хэрэгслийг ашигладаг бол 67 хувь нь хиймэл оюун ухааныг хэдийн ашиглаад эхэлсэн ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал