Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын “Тюринген” чөлөөт муж хоорондын эдийн засгийн харилцааг хөгжлүүлэх зорилгоор Тюринген мужид Монгол залууст хосмог мэргэжлийн боловсрол олгох, мэргэжлийн чиг баримжаа олгох туршилтын төслийг хэрэгжүүлэх "САНАМЖ БИЧИГ"-т гарын үсэг зурлаа.
Төслийн хүрээнд Германы түншүүд болох Эрфуртын Худалдаа аж үйлдвэрийн Танхим болон ФАВ-ын олон жилийн туршлага дээр суурилан Монгол улсын өөрийн өгөгдөл, онцлог, мэргэжилтэй ажиллах хүчний дутагдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр тохиромжтой аргаар залуучуудтай биечлэн уулзаж ажил мэргэжил сонгоход дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг бий болгож, туршилт судалгааны ажил хамтран гүйцэтгэнэ.
Суралцах боломжтой олон мэргэжлийн талаар залуучууд болон эцэг, эх,асран хамгаалагч, олон нийтэд мэдээлэл өгч, урьдчилсан мэргэжлийн чиг баримжааг олгоно. Мөн хэрэгцээнд суурилсан мэргэжил сонголт, түүнээс үүдэн гарах чадварлаг ажиллах хүчнийг бэлтгэх, чанартай өргөн цар хүрээтэй мэргэжлийн чиг баримжаа олгоход хамтран ажиллах юм.
Хамтын ажиллагааны зорилт нь дор дурдсанаар тодорхойлогдоно. Үүнд :
- Монголын, Олон улсын мэргэжил болон техникийн боловсрол, сургалтын салбарт, хөдөлмөрийн зах зээлд монгол залуучуудын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх;
- Монгол залууст мэргэжлийн чиг баримжааг олгож мэргэжилтэй ажиллах хүчний хангалтад хувь нэмэр оруулах;
- Залуучуудын ажилгүйдэл, хэтийн төлөвлөгөөгүй байдал, нийгэмд үүсэж болох эрсдлийг бууруулах.