Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл, цаашдын төлөвийг өнөөдөр "Шангри Ла" зочид буудлын /2024.04.11/ "Парис Бээжин" танхимд танилцууллаа.
Монгол Улсын эдийн засаг 2024 онд 4.1 хувь, 2025 онд зургаан хувиар өснө гэж Азийн хөгжлийн банкнаас тооцоолжээ. Тодруулбал, 2023 онд ашигт малтмалын олборлолт өсч, экспорт нэмэгдсэнээр төлбөрийн урсгал тэнцэл болон төсвийн тэнцэл ашигтай гарч, гадаад валютын улсын нөөц сайжран, Монголын эдийн засаг эрчимтэй өссөн гэдгийг албаныхан онцлов. Инфляцийн түвшин өмнөх оноос буурсан хэдий ч өндөр хэвээр байна.
Уул уурхайн салбарын өсөлт, түүний дотор зэсийн баяжмалын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх хүлээлттэй байгаа Оюу толгойн уурхай нь эдийн засгийн 2024, 2025 оны өсөлтөд гол түлхэц үзүүлнэ гэж таамаглаж байгааг танилцууллаа.
Азийн хөгжлийн банкны тайланд 2023 онд долоон хувийн өсөлттэй байсан Монгол Улсын эдийн засаг 2024 онд 4.1 хувиар өснө гэж тооцоолсон байна. Эдийн засгийн 2024 оны өсөлтөд уул уурхайн салбар болон төсвийн зардлын өсөлт эергээр нөлөөлөх ч, улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд тохиогоогүй хатуу өвөл, зудын гамшиг нүүрслэснээс шалтгаалж хөдөө аж ахуйн салбар агших төлөвтэй байна.
Харин 2025 онд хөдөө аж ахуйн салбар сэргэж, уул уурхай болон үйлчилгээний салбар өссөнөөр ДНБ-ий өсөлт хурдасч, зургаан хувьд хүрнэ гэж таамаглажээ.
Эх сурвалж: News.mn