Киргизийн нийслэл Бишкек хотноо өнөөдөр /2024.04.11/ эхэлсэн чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд барилдсан Энхбаярын Бямбадорж 79 кг жинд мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр эхний тойрогт Казахстаны тамирчин Азамат Омуржановыг 12-7, Японы Рюносүкэ Камияг 5-3, Укбекистаны тамирчин Асомиддин Хасановыг оноо /10-0/-гоор цэвэр ялж, финалд Ираны бөх Ноходиларими Мохаммед Ашгартай таарч 12-2-ын харьцаатай ялагдаж, мөнгөн медалийн эзэн бож, Ази тивийн мөнгөн медальт тамирчин боллоо.
Эрэгтэй 65 кг-д Т.Тулга эхний тойрогт Японы тамирчин Оно Масаносүкэ-г 32 секундэд гарт эргэх мэхээр цэвэр ялж, дараа нь БНАСАУ-ын тамирчин Хён Сон Ханг 5-0, хэсгийн аваргын төлөө Энэтхэгийн бөх Рохитыг 7-0 харьцаатай ялж, финалд шалгарлаа. Т.Тулга 2022 оны дэлхийн аварга, Азийн хошой аварга Ираны тамирчин Рахман М.Амоудзадхалилитай алтан медалийн төлөө өрсөлдөв.
Иран залуу барилдааны эхэнд авсан 2 оноогоо барилдаан дуустал амжилттай хамгаалж, манай бөхийг юм хийлгэсэнгүй. Т.Тулга торгуулийн 30 секундээр нэг оноо авсан ч 1-2 ялагдаж, Азийн АШТ-ий хос мөнгөн медальтан боллоо.
Гэрэл зургийг Д.Нямбилэг
Өнөөдөр барилдсан Монголын бусад тамирчдын хувьд эрэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт З.Занабазар эхний тойрогт Пакистаны тамирчин Мухаммад Билалыг 8-2 харьцаатай хожиж, дараа нь Кум Хёок Кимд 5-0 харьцаатай ялагдсан. 70 кг-д Ц.Чинзориг эхний тойрогт Узбекистаны бөхөд 8-0, 97 кг-д Ө.Батзул Ираны тамирчин Мохаммадхоссейн Мохаммадианд оноогоор цэвэр ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.
Эх сурвалж: МССХ М.Сугар-Эрдэнэ