ПАРИС, 2024 оны тавдугаар сарын 3 /Olympics/. “Парис-2024” зуны олимпын наадамд дэлхийн 100 сая гаруй дүрвэгсдийг төлөөлөн оролцох хамгийн олон буюу 36 тамирчны бүрэлдэхүүнтэй дүрвэгсдийн багийг Олон улсын олимпын хороо /ОУОХ/ пүрэв гарагт танилцууллаа.
ОУОХ-ны тэргүүн Томас Бах Швейцарын Лозанн хотноо болсон ёслолын ажиллагааны үеэр “Та бүхэнд баяр хүргэе. ОУОХ-ны дүрвэгсдийн багийн бүрэлдэхүүнд багтсан та бүхнийг бид халуун дотноор угтан авч байна.
Та бүхэн олимпын наадамд оролцсоноороо хүний тэсвэр хатуужил, авьяас чадварыг харуулснаар дэлхий даяар дүрвэсэн 100 сая гаруй хүмүүст итгэл найдвар бэлэглэх болно. Мөн олон тэрбум хүнд дүрвэгсдийн хямралын цар хүрээг ойлгуулахад тусална. Тиймээс миний бие дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүн бүрийг дүрвэгсдийн багийг бидэнтэй хамт дэмжихийг уриалж байна” хэмээн хэлжээ.
ОУОХ-ны дүрвэгсдийн баг анх “Рио-2016” наадамд оролцож байсан бөгөөд гурав дахь олимпдоо оролцох гэж байгаа нь энэ юм. Бразилд болсон наадамд оролцсон баг 10 тамирчны бүрэлдэхүүнтэй байсан бол “Токио-2020”-д 29 тамирчин оролцож байлаа.
Харин “Парис-2024” наадамд 11 өөр орны 36 тамирчин усанд сэлэлт, хөнгөн атлетик, бокс, унадаг дугуй, жүдо, таеквондо, хүндийн өргөлт, бөх зэрэг спортын 12 төрлөөр өрсөлдөх ажээ. Парисын олимп 7 дугаар сарын 26-наас 8 дугаар сарын 11-ний өдрүүдэд болно.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Э.Хулан