Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Словени Улсын Гадаад хэрэг, Европын яамд хоорондын улс төрийн хоёрдугаар зөвлөлдөх уулзалт 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотноо болов.
Уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Словений талаас тус улсын Гадаад хэрэг, Европын яамны Төрийн нарийн бичгийн дарга Санья Штиглиц нар тэргүүлж ажиллав.
Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн тулгамдсан асуудлаар санал солилцож, эдийн засаг, худалдаа, ойн менежмент, аялал жуулчлал, боловсролын салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцов. Мөн хоёр орны харилцааны цар хүрээг тэлэх үүднээс дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэгтэй санал нэгдлээ.
Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улс 1993 оны 2 дугаар сарын 18-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд өнгөрсөн жил харилцааны 30 жилийн ойг тэмдэглэсэн.