Монгол Улсын цахилгааны эталоны хэмжил, шалгалт тохируулгын чадавх (СМС)-ыг олон улсад хүлээн зөвшөөрч Жин, хэмжүүрийн олон улсын байгууллага (BIPM)-ын мэдээллийн санд 2023 оны 2 дугаар сард бүртгэлээ.
“Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлж, экспортын баримжаатай эдийн засгийг бий болгоно” гэж зорилт дэвшүүлсэн.
Бүтээгдэхүүн үйлчилгээг экспортлох, олон улсын худалдаанд оролцоход чанарын шаардлага хангасан байхыг шаарддаг ба чанарын хэмжил, туршилт, бүтээгдэхүүний баталгаажуулалтын үйл ажиллагаа үнэн зөв байх үндэс нь олон улсад зөвшөөрөгдсөн, нэгж дамжуулалт хийгдсэн, найдвартай хэмжил байдаг.
СХЗГ-ын Хэмжил зүйн хүрээлэн нь улсын эталоныг хадгалж, нэгж дамжуулалт гүйцэтгэн, хэмжлийн төрөл бүрээр шалгалт тохируулга, хэмжлийн чадавхаа BIPM-д бүртгүүлэн Монгол Улсын хэмжлийн үнэн зөв байдал, чадавхыг олон улсад хүлээн зөвшөөрүүлж байна.
Цахилгааны хувьсах ба тогтмол гүйдэл, хүчдэл, чадлын хэмжлийн төрлөөр шалгалт тохируулга ба хэмжлийн чадавхаа олон улсад зөвшөөрүүлснээр эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх сүлжээний бүх оролцогч, хэрэглэгчдийг найдвартай хэмжлээр хангах төдийгүй эрчим хүчний экспорт, нарны зайн дэлгэц, электроникийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн олон улсын худалдаанд дэмжлэг үзүүлж, эдийн засгийг дэмжих чухал ач холбогдолтой юм.