РОМ, 2024 оны долоодугаар сарын 16 /BBC/. Италийн Трентогийн их сургуулийн эрдэмтэд болох Лорензо Бруззоне, Леонардо Каррер нар Сарны гадаргын “Амар амгалангийн далай” хэмээх хэсгийн радарын зургийг судлах явцдаа анх удаа агуй илрүүлжээ.
Манай гаргийн дагуулын энэ хэсгийн радарын зургийг Америкийн сансар судлалын НАСА агентлагийн LRO (Lunar Reconnaissance Orbiter) автомат станцын "Mini-RF" төхөөрөмжөөр авчээ. Энэхүү агуй нь 1969 онд “Аполло 11” сансрын хөлгийн газардсан талбайн ойролцоо байгаа аж. Бруззоне, Каррер нар LRO эсвэл гараг хоорондын бусад станцын "Мини-RF" төхөөрөмжийг ашиглан авсан радарын зургуудаас Сарны гадаргуу дээрх объектуудын хэлбэрийг гаргах боломжийг олгодог алгоритм зохиожээ. Энэхүү аргаа ашиглан эрдэмтэд 2010 онд "Амар амгалангийн далай" гэх хэсгийн онцлогийг судлах явцад "Мини-RF"-ээр цуглуулсан мэдээллийг дахин судалжээ.
Уг агуй нь хамгийн багадаа 100 метр гүн тул Саран дээр хүн байрлах байнгын бааз байгуулахад тохиромжтой газар болж магадгүй гэж судлаачид үзэж байна. Учир нь агуй доторх температур Сарны гадаргуу дээрхтэй харьцуулахад хамаагүй тогтвортойгоос гадна, олон метрийн чулуулгийн давхаргууд нь сансрын цацраг туяа, жижиг солируудын "цохилтоос" хамгаалж чадна гэж эрдэмтэд дүгнэжээ.
"Эцсийн дүндээ дэлхий дээрх амьдрал агуйд үүссэн тул хүмүүс Саран дээрх агуйд амьдрах боломжтой" гэж профессор Каррер хэллээ.
Их Британийн анхны сансрын нисгэгч Хелен Шарман мөн энэ агуйг бааз барихад тохирсон, хүмүүс 20-30 жил амьдарч болмоор газар" хэмээн ярьжээ.
Эрдэмтдийн хэлснээр, Саран дээр дахиад хэдэн зуун агуй байж магадгүй бөгөөд судлаачдын илрүүлсэн агуй нь хэдэн сая эсвэл хэдэн тэрбум жилийн өмнө үүсэн гэж таамаглаж байна.
Уг агуйг одоогоор бүрэн судлаагүй байгааг эрдэмтэд онцолжээ. Мөн газрын зургийг нь бүтээхийн тулд георадар, камер эсвэл робот ашиглаж болно гэж найдаж байгаа аж.