Хиймэл оюун ухааны олон улсын анхдугаар олимпиад 2024 оны 8 дугаар сарын 09-14-ний өдрүүдэд Болгар Улсын Бургас хотод зохион байгуулагдаж, Монгол Улсын баг эх орноо төлөөлөн оролцож, мөнгөн медалиар шагнуулжээ.
Хиймэл оюун ухааны олон улсын анхдугаар олимпиадад анхны медальтнаар түүхэнд нэрээ үлдээж буй сурагчдад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс баяр хүргэж, сурлагад нь өндөр амжилт хүсэж байна.
Тус олимпиадын зорилго нь сурагчдын шүүмжит сэтгэлгээг хөгжүүлэх, шинжлэх ухааны болон практик мэдлэгийг дээшлүүлэх, тэдэнд мэдээллийн технологийн салбарын өргөн боломжуудын талаар ойлголт өгөх, хиймэл оюун ухаантай холбоотой ёс зүйн асуудлыг өргөн хүрээнд нээлттэй хэлэлцэхэд оршдог аж.
Олимпиадад дэлхийн өнцөг булан бүрээс 200 гаруй сурагчид оролцсон байна. Хиймэл оюун ухааны олон улсын олимпиад ирэх жил БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдана.