БЕРЛИН, 2024 оны есдүгээр сарын 10 /Казинформ/. Германы эрх баригчид 9 дүгээр сарын 16-наас эхлэн 6 сарын хугацаанд тус улсын хуурай замын нийт хилийн шугамын дагуу хяналт тогтооно.
Хилийн хяналтыг чангатгаж байгаа тухай Германы Дотоод хэргийн сайд Нэнси Фазер мэдэгдээд, уг арга хэмжээг хууль бус цагаачлал ба терроризмтай хийж буй тэмцлийн хүрээнд авч байгаа гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Одоогийн байдлаар, Польш, Чех, Швейцар, Австритай залгаа хилийн дагуу хилийн хяналтын түр цэгүүд ажиллаж байна. Ингэснээр 2023 оны 11 дүгээр сараас хойших хугацаанд 30 мянган хүнд Германд нэвтрүүлэхээс татгалзсан хариу өгч буцаажээ.
Хилийн хяналтыг чангатгах тухай шийдвэрийг Хойд Рейн-Вестфали мужийн Ерөнхий сайд Хендрик Вюст, Дотоод хэргийн сайд Херберт Ройл нар идэвхтэй дэмжиж байгаа юм. Өнгөрсөн сарын сүүлчээр тус мужийн Золинген хотод Сириэс ирсэн нэгэн цагаач залуу хутга хэрэглэн гурван хүний амийг хөнөөж, найман хүнийг шархдуулсан хэрэг гарсан билээ.
Дээрх шийдвэр гарсны дараа Франц, Нидерланд, Дани, Бельги улсуудтай залгаа хилийн дагуух хяналтыг чангатгаж байна. Дотоод хэргийн сайдын хэлснээр, хүчинтэй визгүйгээр Германд нэвтрэхийг оролдож буй хүмүүсийг, ялангуяа бичиг баримтгүй, орогнол хүссэн хүмүүсийг хянахын тулд паспортын шалгалтыг чангатгах ажээ. Хэрвээ дүрвэгчид еврогийн бүсийн өөр улсад бүртгэгдсэн бол тэднийг хил дээрээс шууд буцаана.
Германы эрх баригчдын эл шийдвэр нь Европын Холбооны дотор чөлөөтэй зорчих тухай Шенгений бүсийн хэлэлцээрт харшлах уу гэсэн асуултыг Европын зарим хэвлэл тавьж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Тоймч Б.Адъяахүү
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!