Өмнөд Солонгос улсын гүйлтийн цанын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдлаа.
Пёнчан хотын "Alpensia" олимпын замд болж буй 79 дэх удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн 15 болон 30 км зайн уралдаанд Монгол Улсаас оролцсон Б.Ачбадрах түрүүлж хос алтан медаль хүртлээ.
Түүний хувьд өнөөдөр 30 км зайг 1:19:05.6 цагийн амжилтаар гараанаас гарсан 25 тамирчинг тэргүүлж, хошой аварга боллоо. Эзэн орны тамирчин Жон Вон 1:21:04.9, Ким Жан Хо 1:23:09.2 цагийн амжилтаар мөнгө, хүрэл медалийн эзэд болсон юм. Энэ удаагийн тэмцээн FIS буюу Олон улсын чансааны оноо олгогдож байгаагаараа онцлог болж байна.
Ийнхүү Б.Ачбадрах өчигдөр болсон 15 км болон өнөөдөр болсон 30 км зайн аварга болж, үндэсний УАШТ-ий хошой аварга боллоо. Өмнөд Солонгос улсын гүйлтийн цанын тэмцээн сүүлийн жилүүдэд нээлттэй хэлбэрээр болж байгаа ба энэ удаа Монгол, Ирланд, Тайвань улсын баг тамирчид оролцож байна.
Б.Ачбадрах тус улсын тэмцээнд түрүүлсэн анхны монгол тамирчин болсон түүхэн амжилтыг үзүүллээ. Олимпын стандарт зам дээр болж буй гэдгээрээ энэ уралдаан онцгой ач холбогдолтой байдаг. Тиймээс оролцох орны тоо нэмэгдэж, тамирчдын амжилт эрс ахиж байгаа нь харагдлаа. Мөн Өмнөд Солонгосын үндэсний аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн анхны монгол тамирчин Б.Ачбадрах "Харбин 2025" Азийн наадмын том сорилтыг хийж, энэ оны анхны тэмцээнээ бахдам амжилтаар эхлүүлэв.
79 дэх удаагийн үндэсний аварга шалгаруулах тэмцээн маргааш ойрын зай буюу спринт уралдаанаар өндөрлөх юм. Энэ уралдаанд 19 настай Т.Өсөх-Ирээдүй, 17 настай Н.Нандинцэцэг нар уралдахаар бүртгүүлээд байна.
Ч.БОЛОР
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!