Токио хотноо өнөөдөр мэргэжлийн сумо бөхийн 2025 оны нэгдүгээр сарын Хацү башё эхэллээ.
Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүтэй Монголын 8 сумоч Макүүчи зиндаанд хүч, ур чадвараа сорин барилдаж байна.
Монголын сумоч Тамашохо Эрдэнэбилэгийн Энхманлай /М-16/ энэ башёд анх удаа Макүүчид дэвшин барилдах бөгөөд эхний өдөр Кагаяаки /М-16/-тэй учраа таарч түүнийг хатакикоми хаяж башёг даваагаар эхлүүлж чадлаа. Тэрбээр 2011 оноос Макүшитад дэвшин барилдсан сүүлийн 2 жил Жүрёод дэвшин барилдаж байгаад ийнхүү нийт 79 башёгийн дараа Дээд зиндаанд хүч үзэх хүслээ биелүүлж байна. Тамашохо Э.Энхманлай 1993 оны 3 дугаар сарын 6-нд төрсөн, биеийн өндөр 189 см, жин 127 кг юм.
Энэ өдөр Онокацү Б.Чойжилсүрэн /М-12/ Шоннанноүми /М-13/ хүчээ сорин барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяж эхний даваагаа авлаа.
Сумо бөхийн энэ цаг үеийн хамгийн ахмад бөх Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/, Ошома П.Дэлгэрбаяр/М-9/-тай учраа таарч Тамаваши Ошомаг ошитаоши мэхээр давлаа.
Харин Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/, энэ өдөр Хирадоүми /М-5/-тэй учраа таарч барилдан түүнийг ошидаши мэхээр унагаж Хацү башёг даваагаар эхлүүллээ.
Харин Озэки Оносато энэ өдөр Тобизарюү /М-2/-тэй барилдаж түүнд хикиотоши мэхээр ойчиж энэ башёг унаагаар эхлүүлээд байна.
Энэ башёд аварга цол авах эсэхээ шийдэх Озэки Хошёорюү С.Бямбасүрэн энэ башёд Магэширагийн нэгээс босч барилдаж байгаа Киришима Б.Лхагвасүрэнтэй хүчээ сорин түүнийг ёрикири мэхээр давж Хацү башёг даваагаар эхлүүллээ.
Өнгөрсөн оны сүүлийн 4 башёд бэртлийн улмаас өнжөөд байсан 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Хацү башёгийн эхний өдөр Комүсүби Вакатакакаге-тэй барилдаж түүнд катасүкаши мэхээр уналаа.
Озэки Котозакура, Таканошёо /М-1/-той учраа тааран хүч үзэж түүнийг ёрикири мэхээр давлаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!