Токио хотноо үргэлжилж буй мэргэжлийн сумо бөхийн 2025 оны нэгдүгээр сарын Хацү башёгийн 4 дэх /01.15/ өдрийн барилдааны тоймыг сонирхуулж байна.
Дээд буюу Макүүчи зиндаанд Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүтэй Монголын 8 сумоч хүч, ур чадвараа сорин барилдаж байгаагаас Хошёорюү, Тамаваши, Чиёошома нар 4 даваатай башёг тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна.
Монголын сумоч Тамашохо Эрдэнэбилэгийн Энхманлай /М-16/ энэ башёд анх удаа Макүүчид дэвшин барилдаж байгаа бөгөөд энэ өдөр Кинбозан /М-14/-тай учраа таарч түүнийг цүкиодаши мэхээр хаяж 2 даваа, 2 унаатай боллоо.
Энэ өдөр Онокацү Б.Чойжилсүрэн /М-12/, Мидорифүжи /М-11/-тэй хүчээ сорин барилдаж түүнийг ёрикири мэхээр давж 2 даваа, 2 унаатай болов.
Сумо бөхийн энэ цаг үеийн хамгийн ахмад бөх Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/, Такерүфүжи /М-11/-тэй учраа таарч барилдан түүнийг ошидаши мэхээр унагаж башёг 4 даваатай үргэлжлүүлж байна.
Ошома П.Дэлгэрбаяр/М-9/, Митакэүми /М-7/-тэй учраа таарч түүнийг хатакикоми мэхээр хаяж 2 унаа 2 даваатай болоод байна.
Харин Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/, энэ өдөр Эндо /М-7/-той учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давж 4 даваатай башёг үргэлжлүүлж байна.
Энэ башёд аварга цол авах эсэхээ шийдэх Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Таканошёо/М-1/-тэй хүчээ сорин түүнийг цүкиотоши мэхээр давж 4 даваатай боллоо.
Озэки Котозакура, Киришима Б.Лхагвасүрэн /М-1/-тэй учраа тааран хүч үзэж түүнд ёрикири мэхээр унаснаар тэд адилхан 1 даваа, 3 унаатай болов.
Харин Озэки Оносато энэ өдөр Комүсүби Аби-тэй учраа тааран барилдаж түүнд хикиотоши мэхээр унаснаар 2 даваа, 2 унаатай болов.
Өнгөрсөн оны сүүлийн 4 башёд бэртлийн улмаас өнжөөд байсан 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Тобизарюү /М-2/-тэй Хацү башёгийн 4 дэх өдөр барилдаж түүнд окуридаши мэхээр унаснаар 2 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!