Чөлөөт бөхийн 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Йордан Улсын нийслэл Амман хотод үргэлжилж байгаа бөгөөд тэмцээний эмэгтэй төрлийн сүүлийн таван жингийн барилдаан өчигдөр боллоо.
Тодруулбал, Азийн тивийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 65 кг-д хүчээ сорьсон Монголын бөх Т.Энхжин мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Японы бөх, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Мива Морикавад 6:2-оор дийлдэв. Ингэснээр Т.Энхжин хоёр жил дараалан тивийн аваргад үзүүрлэж байна.
Харин 72 кг-д хүчээ сорьсон З.Болортунгалаг хүрэл медалийн төлөөх барилдаанд залуучуудын олимпын мөнгө, хүрэл медальт, өсвөр, залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ДАШТ-ий 5 дугаар байрын шагналт Узбекистаны Светлана Окназароваг даралтаар цэвэр яллаа.
Ингэснээр З.Болортунгалаг тивийн АШТ-ээс тав дахь хүрэл медалиа хүртэж байна. Тэрбээр мөн 2021 оны Азийн АШТ-д түрүүлсэн билээ.
Ташрамд дуулгахад, энэ удаагийн Чөлөөт бөхийн Азийн тивийн АШТ-ээс Монголын эмэгтэй бөхчүүд таван медаль хүртээд байна.