Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл Йорданы Амман хотноо болсон Ази тивийн 2025 оны аварга шалгаруулах тэмцээний хмгийн хүнд жин болох 125 кг-д мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Ираны бөх, өсвөрийн ДАШТ-ий 3 алт, залуучуудын ДАШТ-ий 2 алтан медальт Амир Реза Масоумид 6:0-ээр ялагдсан юм.
М.Лхагвагэрэлийн хувьд 2023 оны Азийн АШТ-д түрүүлсэн бол энэ жил хоёр дахь медалиа ийнхүү хүртэж байна. Түүнчлэн “Ханжоу-2022” Азийн наадмаас мөнгөн медаль авч байсан билээ. Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл мөнгөн медаль хүртсэнээр Монголын баг энэ жилийн Ази тивийн АШТ-ийг 3 мөнгө, 7 хүрэл, нийт 10 медальтай өндөрлүүлж байна.
М.Лхагвагэрэлээс гадна Т.Энхжин (эмэгтэйчүүдийн 65 кг), Ц.Цогбадрах (эрэгтэйчүүдийн 65 кг) нар мөнгөн медаль хүртсэн. Мөн эмэгтэйчүүдээс Б.Мөнхнар (50 кг), Б.Отгонтуяа (55 кг), Э.Дэлгэрмаа (68 кг), З.Болортунгалаг (72 кг), эрчүүдээс Б.Мөнх-Эрдэнэ (57 кг), О.Сүлдхүү (79 кг), Н.Батбилгүүн (86 кг) нар хүрэл медалийн эзэн болсон юм.
Тивийн аваргаас медаль хүртсэн бөхчүүддээ баяр хүргэе!
Гэрэл зургийг Д.Нямбилэг (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)
Эх сурвалж: МЧБХ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!